Tuesday 14 December 2010

ЁОЛКНЫ ПАЛААЖАА ГЭЖ...

12 сар гарвуу гүй юу манай хүүхнүүдэд шийдвэрлэх асуудлууд, сонголтууд ар араасаа ундраад эхэлнэ. Даа ялангуяа, нухацтайгаар хэдэн өдөр бодож, хэдэн шөнө зүүдэлж, найз хүүхнүүдийнхээ шкафыг бүгдий нь онгичиж, хотынхоо дэлгүүрүүдийг нэлээн хэдэн өдөр нэгд нэгэнгүй нарийвчлан самнаж байж шийдэх ёстой хамгийн чухал асуудал бол баараггүй ЁОЛКНЫ ПАЛААЖ.
Зарим нөхрүүд: Ноднингийн шинэ жилээр авсанаа өмсөөч дээ. Гоё л харагджийсышд гэж хэлж ам руугаа алгадуулваа. Ноднингийн шинэ жилээр байтугай ойрын 5 жилд өмөссөн палаажаа давтан өмсөж болохгүй гэсэн бичигдээгүй хууль бий.  Тэгээд ч ЁОЛКНЫ ПАЛААЖ сонгоноо гэдэг нь эрчүүлийн толгойноос давсан, зөвхөн хүүхнүүдийн мяндсан ухаан шаардсан нарийн, тусгай ажил юм шүү.
... би юугаа тодотгосон палааж өмсвөл гоё харагдах билээ...
...Сараагийн ноднингийнх нь палааж үнээр тансаг байсан даа. Гуйвал надад таарах болуу? яджийхад Сараа гуалиг гэж яаваа, надаа зохих ч гүй байх, гүү юутай ч гэсэн углаад үзнээ... 
...Өчигдрийн хардаг ямар тасарсан палааж байваа, яачихсан их үнэтэй эдэвдээ. Миний төсвөөс даанч хэтрээд талийсан. Бүүр болохгүй бол зээлээд ч болтугай авахаас ...
...Мөргүй бөгөөд чирсэн урт хормойтой палааж дэмий дээ. Хэдэн жилийн өмнө нарийн бичиг Цээгий даргатай аймаар  ихэмсэг таанцалж байтал Оюунаа хормой дээр нь гишгээдэхсэн чинь палааж нь шууд шувтраад ёстой жил бүхний шинэ жилээр ярьдаг шилдэг онигоо болсышд. Даргын нүд, Цээгийгийн царай одоо ч нүдэнд харагдаад байгаан хэхэхэ. Ингэхэд Оюунаа албаар гишгэсэн байх... 
...Уржигдрын Метромолынх бас л этгээд байсан шүү. Худалдагч нь манийхаа толгойг эргүүлж байгаад бас шахчих санаатай. Мээмэндээ юм чихээд чихээд дүүрэхгүй байхад чинь, тэгж ч гоомой юм хийхгүй шүү би...
...Ноднин байгууллагын “мисс Сарангоо юу өмсөөд харцуулын нүд унаад байсан билээ. Энэ жил тэрнээс ч гоё болоод очихым бол санхүүгийн хэлтсийн хөөрхөн Тэнгис миний хажуунаас салахгүй нь тодорхой ккк...
...Герман явсан дүүдээ захьдаг байжээ. Одоо ч оройтсон л доо. Эрт санахгүй энэ муу эргүү толгойг тасдаад холхон чулуудалтай билээ.
...Ингэхэд энэ жилийн моод юу билээ...
гэх мэтчилэн нарийн нягт нямбай төлөвлөсний үндсэн дээр бүгэн жил яригдах тасарсан палаажаа олно шүү дээ хө.
Эцэст нь өөр өөрийн тусгай нууц жороор бодож боловсруулсан нүүр будалт, үс засалт, аксесуараа нэмээд л нөхрийнхөө \найз залуугийнхаа\ сэтгэлд бяцхан хардалт, харамлалтыг үлдээгээд, тэр оройн “Шилдгийн шилдэг” бүсгүй байна гэдэгтээ бат итгэлтэйгээр инээмсэглэн гарч одно доо.
Байгууллагын шинэ жилээр хүүхэн бүхэн хөөрхөн болдогийн учир энээ.


Tuesday 7 December 2010

Цонхон дээрх оддыг Цагаанаад зориуллаа.

Шинэ жил болох дөхөө л... Хаа сайгүй нээх гоё гацуур мацуур... Сэтгэл хөдлөөд  бага байхдаа хийдэг байсан цасан ширхэгээ хийеүү гэсэн мартжээ. Нет гэж сайхан авдраа ухаад гоё од амархаан яаж хийхийг олж, охидтойгоо хайчлаад цонхон дээрээ наавш. Хүүхдүүд их дуртай. Яаж хийдгий нь харуулах уу?
Гялгар цаасгүй болохоороо хоолныхоо гялгар цаасаар туршсан гэжугаа. Болдог л юм байна. Хүүхдүүдэд харин амьтайхан цаас өхгүй бол хайчилбараа дэлгэх гэж ураад, тэрэндээ уурлаж зарим хүн хошуу амаа унжуулаад аргадах гэж бас л цаг авжийлээ. Цагаан цаас өгчвөл болоод л явчина. Хэт зузаан бол бас хайчилж дийлэхгүй шүү. За бөөн оршилдчилоо. Гөгширч байгаам байлгүй. Гөгширч гэснээс ойрд нуруу өвдөөд. За за юмаа хийж эхлий тэ? 
                                                                                                                                                                Тэг дөрвөлжин цаас авнаа.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 


Тэрийгээ ингээд гурвалжилж эвхнээ.  Энийгээ дахиад 2 давтаж гурвалжилж эвхэнэ.                                                               

  




Одоо гурвалжнаа ингээд хошуулдаж эвхэнэ.  






 
 Гурвалжныхаа задгай хэсгийг ташуулдуулаад хайчилна.  Хэдий чинээ их ташуу хайчилна, төдий чинээ урт хошуутай од болдын билээ.

                                                       



Ингээд 2 талаас нь дураараа өнцөг энэ тэр гаргаал хайчилна даа. Хамгийн гол нь 1 захаас нөгөө зах хүртэл нь хайчлаад хайран ажлаа яйран болговоо.

 
 Хамгийн сүүлийн бөгөөд хамгийн амттай хэсэг нь: Дэлгэх. Тараааааа!!! Од бэлэн. Том жижиг, янз бүрээр нь үйлдвэрлээд цонхон дээрээ наагаад байж дээ. Гал тогооны цаас хэрэглэвэл болгоомжтой нээгээрэй. Амархан урагдана шүү! 
 

Marry Christmas to all!!!

Thursday 2 December 2010

Гадаа халтиргаа гулгаа, цас мөс, тас няс....

Өчигдөр ямар аймаар өдөр байваа. Хайшаа л эргэнэв түгжрээ, гулгаа.
Де Буллын хажуугаар Браухаус руу чиглээд гэрлэн дохио хүлээгээд оочерлоод зогсож байлаа. Баруунаас 1 хүүхэн оруулчаач пелийз гээд хөөрхөн дохихоор нь сайхан сэтгэлтэйм чинь за гээд орууллаа. Арын нь машиныг бас оруулсан ч яахав гээд харсан чинь хөдлөхгүийй. Зааз яасан сүрхий дүрмээ барьдаг жолооч вээ ухааны юм яриад урагшилсан чинь хажууд сууж явсан ээж инээгээд байхын. Яав гэсэн, өнөө машин чинь сайндаа ч биш, хаазлаад байдаг, дугуй нь доороо жирэлзээд л эргээд байсан, машин нь еөөөр хөдөлсөнгүй гэнээ. Энэ котоок шиг замуу хэхэ.
Зиа дараагаар нь Орчлон сургуулийн урдуур өнгөрөх гэтэл баруунаас 1 жижиг тэрэг хоншоороо зүтгүүлээд дайрахаар нь орог дээ гээд урдуураа оруулаадахсан чинь араас нь 1 том Хаймар бас дайрлаа. Даварчдын, би ч гэсэн жоохон урагшилмаар л байшд гэж үглээд зүтгэтэл нөгөө талаас аймаар том цэнхэр автуус Брррррррррррррм гээл нэлээн шахаад ирэхээр нь сүнс зайлчих шахав. 2 том юмны дунд орж гамбир болоод юүхэв гээл нөгөө Хаймараа урдуураа оруулавшдээ.
Тэгээл цаашаа мөлхсөөр багшийн дээдээр баруун тийшээгээ баахан машинуудтай багшраад л эргэсэн чинь 1р эгнээгээр зөвхөн автуусууд явна гэснээс болсонуу 1ээс эргэсэн 1 улаан машин миний урдуур бас л ухаан жолоогүй зүтгээд би тоормосоо дарсан юу байхав таррррр тар тар гэж гулгаад арай л нөгөөхийг чинь мөргөчихсөнгүй тогтов.
Тэгээд болоогүй ээ тэндээсээ зүтгэсээр талбай өнгөрөөд Энх тайваны гүүр лүү автуусны араас эргэвээ, яг л заа ингээд зам тэгширнэ дээ гэхийн алдад автуус маань зогсчдын. Баруун талаа чек чек хийсэн чинь урдаа ч ардаа ч чөлөөтэй байхаар нь азны коляааа гээл машинаа эргүүлээд хаазлаад зүтгэтэл гэнэт нөгөө автуусны чинь урдаас 1 ах булт үсрээд гараад ирдэг байшд. Би хашгирч тоормосоо дараад, ах хашгирч машины хоншоор тулж зог тусаад, гэрлэн дохио руу зангаад л гачин юм болжайгаам. Аз болоход энэ удаа машин маань гулгасангүй яг байрандаа зогсов. Үгүй бол яанаа. Уучлаарай, уучлаарай гэж амандаа үглэсээр дахин янз бүрийн юм бололгүй ашгүй гэртээ ирж санаа амрав.  Машинтай явахаас халгаад байхын, гадаа такси барихаар улаан хамарлаад, хөлөө дэвслээд зогсоно гэхээс л яс хавталзаад байхын, яамаар ч юм дээ.
Нэг ийм тэрэгтэй болдымуу.                             Халтирч гулгахгүй, ирж яваа бараанаар нь дээрэнгүй Хаймар байтугай, дэндгэр атууснууд айгаад ойртохгүй биддээ энэ чинь, айн?


Tuesday 30 November 2010

Үхрийн нүдний мафиний эрцээпт, үзэгчдийн хүсэлтээр :)


Энэ мафин хүмүүст таалагдсан болтой. Хэд хэдэн хүмүүс эрцээптээ шидээдэх гэсний дагуу шидлээ шо. 

Хэрэг болох орц:

150 г үхрийн нүд (нэрс, аньс гэх мэт жимсүүдээр бас хийж болох байхоо)
1 өндөг
80 мл ургамлын тос (Жнь: наранцэцгийн тос)
100 г саахар
150 г тараг
100 мл сүү
250 г гурил
2 ц. Халбага сода
1 чимх давс
125 г пүүдрэн саахар

 Саванд өндгөө хийж хөөсөртөл хутгаад дээрээс нь ургамлын тос, тараг, саахар, сүүгээ хийж нэгэн жигд болтол хутгана. Гурил, сода, давсаа өөр саванд хийж холиод бага багаар зуурмаг дээрээ хийж жигд зуурмаг болтол хутгана. Эцэст нь үхрийн нүдээ хийж, болгоомжтой холиод зуурмаг бэлэн. Залхуурч зуурагч машинд хийгээд хамаг сайхан жимсээ бяц дүүгүүрдвээ!!!
Зуурмагаа мафины хэвэндээ жигд цутгаад 200 °C- ийн халуун шарах шүүгээнд 20-25 минут шарна. Мафины хэвээ сайн тослох хэрэгтэй эсвэл цаасан торх хийчвэл гаргахад бүүр амар болно.
Мафинаа болсон эсэхийг мэдэхийн тулд шүдний чигчлүүрээр хатгаж үзэж болно.  Чигчлүүрт гурил наалдаж гарч ирж байвал болоогүй байгаа нь тэр. Үргэлжлүүлээд хэдэн минут шарчдын.
Мафинаа гаргаад хөргөсний дараа хэвнээс нь салгаж, пүүдрэн саахараа цацмой. 
Ингээд Guten Appetitt!!! 

Ингэхэд энэ 2 зураг хажуу тийшээ харчаадайхын. Эргүүлж хүч хүрсэнгүй. Уучилна бизээ.


Monday 22 November 2010

Үхрийн нүдний мафин ба чанамал

Ээж маань хөдөөнөөс нэг “Коолааны сав” үхрийн нүд авч ирж өглөө. Манайхан жимсээр нь идэх нээх дуртай биш л дээ. Эхлээд жоол сониучирхаж идээд л болоо. Үлдсэнээр нь net-ээс хэдэн эрцээпт олж иймэрхүү юм хийлээ.




Энэ үхрийн нүдний мафин нээх муухай нялуун чихэрлэг биш сайхан амттай эд дээ.






 Дандаа л манай супермарктуудад байдаг зүйлс орцонд нь орно. 





Жимс ногоог чанаж буцалгавал хамаг хэрэгтэй витамин нь устдаг гэж хаанаас ч юм уншсан болохоор олдсон жаахан жимсээ бас оригоор нь хэрэглэх санаатай түүхий жимсний чанамал хийлээ. Их амархан.
500 гр жимс дээр 500 гр саахар хийгээд миксрээр сайтар сэгсрээд шилэндээ хийнэ. Тэгээд л маргааш нь талхан дээрээ түрхээд дураараа иднэ дээ. Эсвэл буцалсан усанд хийгээд уувал юу ч холисныг нь мэдэхгүй шүүс авч ууснаас л дээр. Ингэхэд ийм чанамалыг удаан хадгалж болохгүй шүү.
Анх хийхдээ зургий нь авч амжаагүй одоо нэг иймэрхүү л юм үлджээ.

Thursday 18 November 2010

Та нар хэний талд байна?




Өчигдөр эгчтэйгээ дэлгүүр хэсэв. Өвлийн түжүүрк, пээлникүүд л их байх шивдээ. За тэр ч яахав гол асуудалдаа оръё.
Эгч 1 оймс авлаа. Эгчийн цүнх өчүүхэн бичигхээн боловч ганцын зэрэг оймсхон багтахтайгаа юмаа. Оймсоо цүнхэндээ чихэж байх хооронд худалдагч гялгар уут гаргаж ирээд:
- Цүнхээ хайрла
Би:
- Байгаль дэлхийгээ хайрла

Эгч маань миний талд орсон, Та хэний талд вэ?  

Wednesday 10 November 2010

Хэлий нь мэдэхгүй ч....


Нэт ухаж байгаад санамсаргүй энэ дууг сонсчоод нээх эрдэнэ олцым шиг баярлавшд. Хаанахын ямар дуучин бүсгүй ямар хэлээр дуулаад байгааг нь мэдэхгүй л дээ. Ийм сонин энгийн, бүдүүн хүүхнээс яаж ийм гоё хоолой гарч, ийм зэвүүн дуу дуулваа гэж л их гайхлаа.
Заа тэгээд хэлий нь мэдэхгүй ч клипий нь хараад, дууг нь сонссон чинь нэг иймэрхүү үйл явдлын талаар өгүүлээд байгаам бишүү нөхдөө:

Би чамдаа хайртай байсаан
Бид аз жаргалтай олон жилүүдийг хамтдаа туулсан
Гэвч....

Чи минь намайгаа ойлгохыг хичээгээрэй
Анх мэдэрч байсан тэр халуухан мэдрэмжүүд
Чамайг ирж явааг хараад учиргүй догдолдог байсан минь
Гарт минь хүрэхэд гүйдэл гүйх шиг болдог байсан нь
Хацрыг минь илэхэд гараас чинь дулаан илч
Зүрх лүү минь урсдаг байсан нь

Алга болжээ...
Үгүй болж...
Хаачив даа хаачив
Гэдсэн доторх эрвээхийнүүд минь
Та нар хаашаа нисчвээ

Яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй
Зүгээр л хоосорчихсон
Миний зүрх сэтгэл
Ийм зүйл болно гэж хэн зүүдлэх билээ
Би хичээсэн
Маш их
Гэвч ...

Хайрын илчгүй нүдийг минь ширтэхдээ
Халуу шатаахгүй уруулыг минь үнсэхдээ
Үнэнийг хайдгийг чинь би мэддэг
Хуучин хайртаа мөн гэж өөрийгөө хуурдгийг чинь ч мэдэрдэг
Чи минь сайн хүн 
Гэвч ...

Хоосон торхыг хичнээн хичээн уславч
Ганган цэцэг дэлбээлэхгүй шүү дээ
Чи минь намайгаа ойлгож уучилна
Бид хоёуул үүнийг мэднэ
Ингээд үүрд хагацъя даа
Надаас сайныг нь олоод аваарай
Баяртай...

Яг л ингэж дуулаад байгаам даа. Худлаа ингэвэл сонсоод үзээрэй. 
By the way, залуу нь үнэхээр халуухымаа гэж.

Monday 1 November 2010

Happy Halloween!!!!!!!

Halloween-ий баяр болох сургаар охид маань бөөн баяр. Мааяа “Pampkin толгой” хийнэ л гэнэ. Бас Halloween-ий баярт оролцохын гэнээ. Ноднин явуулдаг байсан цэцэрлэг нь  тэмдэглээд миний 2 охин эрвээхий болоод ихэд баяртай ирж байсын. Харин энэ жил өөр цэцэрлэгт өгсөн чинь Halloween-ий тухай дурсаж ч байгаа юм алгаа. Заааа тэхээр өөрөө өөрсдийгөө баярлуулахаас...... Бидний хийсэн зүйлсийг хараарай. Хийхэд тийм ч хэцүү биш бас их хөгжилтэй байсан шүү.


 

 Хурц хутга, халбага 2 байхад л иймэрхүү толгой гарна даа. Доторх зөөлөн эдээр нь амттай зутан шөл хийчдийн.  






  




Бяцхан салфеткан сүнсүүд. Охид эднээс айх биш өхөөрдөөд байвал яахуу?











Бидний ажлын талбар нэг иймэрхүү





 



 
Цайны лааны суурь сарьсан багваахай болон сүнснүүд их эгдүүдэй харагджийлаа гэж...



 



Ойроос харвал нэг ийм



 











Нөгөө толгойн дотроо лаа хийгээд гэрлээ унтраасан чинь Мааяа айж зугтаав. Харин лаагаа унтраасны дараа Солонго "аманд нь гараа хийвэл хазах болуу" гэж асууснаас харахад хүүхдүүдэд маань нэлээн сэтгэгдэл төрүүлэх шиг болсон шүү.








Бас болоогүй ээ. Тэр ёлканы гэрлүүдэд бас бүрхүүл хийсэн байгаа.














Thursday 28 October 2010

Заримдаа би.......


Заримдаа би нөхөртөө сайтар наалдаад хэвтмээр санагддын. Тэгээд би өөрөө нөхрөө тэврэхээр миний нуруу үлдчихээд, буруу хараад нуруугаараа наалдахаар урд хэсэг хоосроод нэг л болж өгдөггүймаа. Тэхээр би нөхөртөө. „Би чиний арьсан дотроогуур шургачихымсан“ гэж инээлгэдэг. (03.10.2010)

Why????????


Зарим нэг хүн яагаад зүв зүгээр танихгүй хүнийг хараад инээмсэглэдэггүймаа гэхэд муухай харахгүйхэн шиг өнгөрч чадахгүй, яагаад заавал тэр хүнд мууг сэтгэж, мууг хүсэж, байнга хардаж, сэрдэж, муухай үгсийг хайр найргүй чулуудаж чаддагийм болоо?
Нэг удаа эгчтэйгээ гудамжаар юу ч билээ яриад инээлдэн аз жаргалтайхан явж байтал гэнэт өмнөөс ирээд хажуугаар зөрсөн охин „Юугаа яриад ангалзаад яваа тэнэг майжийсан п... вэ?“ гэж хараангаа, үзэн ядалт дүүрэн харц шидлээд өнгөрч билээ. Ямар ч урьдчилан анхааруулгагүй чулуудсан энэ муухай үгс, харцанд тас ширвүүлсэн би шооконд орж, юу ч хэлж бас хийж чадахгүй, цаашлан холдоо охиныг харан баахан зогсcон сон. Сайхан юм юу ярьж байснаа ч эргэж санахгүй болтлоо сааталд орсон юмдаг. Зүгээр баяр хөөртэй явсан хүнийг хараад яаж хүнийг муугаар ярьж байна гэж бодож чаддаг байнаа? Муухай харц, үгс хүнийг их өвтгөдөг. Танихгүй охиноос ирсэн тэр муухай сум нэг их гутрал, гоморхлыг тэр өдөртөө л миний цээжинд хадаж чадсан юмдаг.
Нэгэн сайхан, шинэхэн, тансаг хоолны газар гэр бүлээрээ орж билээ. Оффисын газар дотор болоод ч тэрүү дандаа л ихэмсэг дэгжин, ажил хэрэгч цэвэрхэн хувцасласан хүүхнүүд голдуу сууж байлаа. Охид маань ариун цэврийн өрөөнд орохоор болсон тул гарч явахдаа тамхи татан суугаа хүүхний хажуугаар гай болж өнгөрөх болвоо. Тамхины суунаглах утаа яг улаан нүүр лүү нь могой шиг мушгиралдан орж ирэхэд охид маань өнгөрөнгөө гараараа сэвэн холдуулсым. Би ч гэсэн гараараа 1 даллаж орхивоо. Тамхичин хүүхний реакц: „Ямар сүртэииийн“ Миний дотор луу тэр тамхины утаа шиг нь нэг хар хүйтэн юм урсаж ороод хоолойг минь таглачих шиг л санагдаж билээ. Нөгөөх сайхан газарт хооллосон тааламжтай сэтгэгдэл маань нэгэн соёлгүй, мунхаг хүүхний тамхины утаатай хамт замхран одвоо хөөрхий. Тэр хүүхэн охидод минь „уучлаарай“ гэж хэлэх байх гэж би „Том“ бодоогүй ээ. Нэг гэмшсэн хөдөлгөөн, харц үгүй ядахдаа зүгээр л дуугай байсан бол хангалттай байх байсан шүү дээ. Би тамхи татдаг хүмүүс олныг танинаа. Гэхдээ тэрийгээ сайрхаад байдаг хүнийг лав мэдэхгүйм байна. Бүр хүүхдийн нүүр лүү утаагаа үлээчээд „Сүртэййййн“ гэж намжирдах хувцасны голыг анх харсандаа бас л хэлэх үггүй болтлоо гацаж, хурдхан гарахын түүс болж билээ.
Германаас ирсэн хуучны танил өвгөн эмгэн 2той уулзан хол ойрын сонин хачин, аялал явдлынх нь талаар ярьж нэг газар суулаа. Охид маань бидний ярианаас залхаж гадаа гаран цонхны цаанаас биднийг даллана. Бид ч тэдэн рүү харангаа бас л инээж хөхрөн ярилцаж суугаа нь цонх болон бидний ширээний дундах ширээнд суусан 2 халамцуу залууд огт таалагдсангүй ээ. Үнэнийг хэлэхэд тэнд 2 хүн суусныг ч би анзаараагүй байсан юм. Тэгтэл гэнэт нэг нь „Чи наад 2тоо биднийг юу гэж тайлбарлаад байгаан? Бид гэртээ байна шүү“ гэж над руу агсрав. Эхлээд учрыг нь сайн олохгүй гайхширсан би, тэр залуугийн хөлчүүрхэж улайсан нүднээс цацрах өширхлийг гэнэт олж хараад нуруу руу хүйт оргиод явчиж билээ. „Өө, манай 2 охин та 2ын арын цонхны цаана тоглож байгаамаа. Бид тэднийг л харсымаа. Эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай“ гэж сандарахад нөгөө нь хальт англи хэлээр хазгай муруйхан „Бид гэртээ байна. Та нар асуудалтай бол Европ руугаа зайл“ гэж хэлэхийг оролдсоныг нь манай 2 ашгүй сайн ойлгосонгүй. Сайхан сэтгэлтэй өвгөн „Асуудал байхгүй“ хэмээн инээж билээ. Тэр зайлуулах гээд байгаа хүн нь Булган аймгийн Сайхан сумын сургуульд 18 ширхэг компьютр бэлэглэсэн гэж ихэд баярлан ярьж суугаа зүгээр л монголд хайртай, жирийн нэгэн Герман хүн гэдгийг тэр залуус гаднаас нь хараад мэдэхгүй шүү дээ. Тийм сайхан сэтгэл тэр 2оос гардаггүймаа гэхэд юу яриад байгааг нь ойлгоогүйм байж өөрсдийг нь муугаар ярьж байна гэсэн өчүүхэн бодол яаж тэр согтуу толгойд нь орох болвоо?
Ийм жишээнүүд надад зөндөө байна. Бичихээс ч гар минь халширна. Гэтэл яагаад хүмүүс ийм сэтгэл зүрхгүй хүйтэн хөндий болж, өширхсөн атаархсан харцыг ямар ч шүүлтүүргүйгээр нэвт шувт тусгаж, хүний сэтгэлд сэв суух үгсийг „Сайнуу, баяртай“ гэхээс ч амархан уруул давуулна вэ?
Яагаад? (11.08.2010)

Жолооч болохоор шийдсэн дүүдээ хэлэх хэдэн үг

Саяхан миний хажууд сууж явсан эгч маань “Ёооё энэ Улаанбаатарт машин барина гэдэг чинь харин ч урлаг юмаа“ гэж уулга алдсан юм. Харин миний бодлоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд урлаг гэсэн энэ сайхан үгтэй зохицох юм юу ч алга. „Анхаарал, болгоомж, сандрал, бачуурал, цөхрөл, уур цухал, үзэн ядалт оролцсон урагшлахын төлөөх өдөр тутмын дайн“ гэж би хэлнэ.
Хууль, дүрэм журам гэж зүйл ер нь хаачсан юм бол гэж чи өдөр болгон өөрөөсөө асуух болно. Тэд чинь боловсон ёс, найрсаг зан, нэгнээ хүндлэх, бусдыгаа бодох гэдэг чанаруудыг урвуулж аваад Герман, Япон, Америк гээд томхон орнууд руу эргэж ч харалгүй зугтаасан дагаа.
Гэрлэн дохио часан улаан байхад яаж ийгээд ногоон болгож хараад л давхиад өнгөрнө шүү дээ. Чамд дугуйгаа, чихарч түлэнхий үнэрттэл тоормозлох хэрэг гарна. Зүрх чинь амаараа гарах шахам оволзож, гар чинь салганан хавьдаа л анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болно. Энэ тэнэглэлийн нь ард өөрийнх нь болон өөр бусад хүний алтан амь байгаа гэж бодох чадваргүй толгой „Би ч Шумахер шиг байлаа даа“ ухааны юм бодоцон цаашаа давхиж яваа.
„Уулзвараас өмнөхөн байрлалаа олох“ гэдэг тоглоом тоглох дуртай хүмүүс их бий. Баруун эргэх ёстойгоо гэнэт л уулзвар дээр санаж хамгийн зүүн эгнээгээс зүтгэж өгнө дөө. Зүүн талынх нь баруун тал руу, голынх нь зүүн тийш түүний баруун талынх нь гол руу...... Ингээд чөлөөтэй урсаж байсан замын хөдөлгөөн будаа... Түгжрээ. Хүн болгон л хаашаа ч юм бэ яарч байдаг болсон өнөө үед түгжрэл шиг хэрэггүй юм хаа байна? Арын адгуу зарим 1ийх нь тэвчээр 5хан ч минут хүрэлгүй барагднаа. Эгнээгээ бариад тэвчээртэй, журамтай хүлээж байгаа чи болон чиний адил жолоочдыг зүгээр л яарахгүй болохоороо ингээд цаг бараад зогсож байна гэж боддог бололтой зай завсар хайж эхэлнээ. Чиний баруунаар ч 1 зүүнээр ч 1 булталзаж байгаад 1 эгнээ зам байсан бол 2 эгнээ болгоод хажуугаар чинь дайрна. Тэгээд уулзвар дээр зам нарийн болонгуут урдуур чинь орох гээд л зүтгэнэ дээ. Чи ч шударгаар оочерлосон, жинхэнэ эгнээгээрээ явж байгаа гээд зай тавьж өхийг нэг их яарахгүй. \Чиний түмэн зөв\ Ингээд чимх чимхээр урагшлах гэсэн тактикт шилжинэ дээ. Нөгөө замын бөглөрөл задрах биш улам л уртасна.
Өөрийгөө үл үзэгдэгч машинтай, бүхнийг чадагч супермэн гээд бодоцон зарим хэсэг нь сөрөг урсгалын улаан гэрэл ассаныг далимдуулан шууд урсгал сөрөн давхина. „Ирсэн гийчин буцна, ассан гэрэл солигдоно“ гэж мэдэхгүй ээ, эсвэл мэдэхийг хүсэхгүй. Ногоон аснаа, эсрэг урсгалынхан орж ирнээ. Нөгөө суперменүүд маань машин нь жирийн, өөрөө ч супермэн биш гэдгээ арай хийн ойлгонгуутаа чиний нөгөө талаас чинь шахнаа. Чи ингээд 2 талаасаа хашигдан өрөвдөлтэй Гамбургерын мах болох нь энэ. Сөрөг урсгалынхан сигналдана. Замын бөглөрөл улам нэмэгдэж, сөрөг урсгал ч бөглөрнө. Хүмүүсийн нерв дээд цэгтээ тулж, сэтгэлээ барих чадвар шалдаа буусан энэ үед гай болж зарим нь шүргэлцвэл гардан тулаанд орохоос аргагүйд хүрнээ гэсэн үг. Муу муухай үгс машины радиог чинь даван чих рүү чинь чихэж, хүсээгүй жүжгээ үзэх хэрэг гарна. Ай даа, тайван суухыг хичээдгийм шүү дүү минь.

Мэдээж машин барьж яваа хүн анхааралтай явах ёстой. Харин хотод бол секунд бүрийг анхааралтай явахгүй бол болохгүй шүү дээ. 3 урсгалтай замын хамгийн дунд эгнээгээр чи явж байлаа гэж бод. Зам чөлөөтэй байна, хурдаа сааруулалгүй давинаа гэж нэг их баяссаны хэрэггүй. Баруун гар талд чинь явсан Эксел такси авчиж туннн магадгүй царайтай замын цаана зогсоо нэгэн залууг гэнэт олж харангуутаа 3-р эгнээнээс шууд хөндөлсөөд хамгийн зүүн талын эгнээ рүү дохио зангаа ч үгүй дайраад ороод ирж магадгүй шүү дээ. Болгоомжтой л байх хэрэгтэй.

Зогсоол гэж дамын үнээр ч олдохоос өнгөрсөн барааны нэг. Арай гэж олдож байгаа нь нарийхныг яанаа. Смарт, Капинуудад л зориулж зогсоолоо баридымуу хайшаа юм. Тэрэн рүү нь машинаа чихэх гэж ёстой хар хөлс чинь чийхарна дөө.

Машин барих ур чадваргүй хүмүүс олон шүү бодолтой л яваарай. Яаж жолооны үнэмлэхээ авсан нь зүгээр л ойлгомжтой. 3 бүдүүн машин өлхөн зогсчихмоор талбайг ганц Тоёота эзэгнээд зогссон байвал яахуу? Ашгүй нөгөөх чинь хөдлөхөөр нь чи машинаа тавий гээд дохио өгөөд хүлээж байна уу? Энэ үед ч чи сонор сэрэмжээ алдаж болохгүй шүү. Гэнэтхэн нэг Патрол дайрч ороод зогсоолыг чинь булаачих вий дээ. За нөгөө Тоёота чинь чиний ганцхан дараад гарахаар том талбай байхад 3 урагшилж 4 хойшилж байгаа ч бас л гарч чадахгүй байна уу? \Барьж чадахгүй байж яах гэж ч ийм том машин унадым дээ, энэ бяцхан будмал охин гэж чи өөрийн эрхгүй бодно\ Араас чинь нэмэгдэж ирсэн машины жолооч нарын тэвчээр алдагдаж бөглөрөл үүсэх аюул нэмэгдэх ч чи тэвчээртэй л байгаарай. Машинаасаа буугаад дохиод гаргасан ч болно шүү дээ. Буян болно.

Ганц машин чүү чамай багтахаар нарийхан замаар араасаа 3-4 машинтай хамт урагшлаад за ашгүй гацалгүй гарчихлаа гэж том санаа алдах гээд амьсгаа авсанаа гаргаж ч амжаагүй байхад чинь нэг их тендэж харлуулсан шилтэй \урд талаа хүртэл харлуулж нүүрээ нуусныг бодоход их л царай муутай хүн барьдаг байх даа хөөрхий.\ Лексус өмнөөс чинь хурдаа саах ч гүй орж ирээд л хоншоороо тулгах шахам зогсоно шүү дээ. Тэгээд ард нь 3хан алхам зай байгаад араас нь орж ирсэн машин ч байхгүй байхад 500 метр орчим ухрах, ухаръяааааа ч гэсэн ард 3, 4 машин оочерлоод зогссон байгааг харсаар байж ичих ч гүй сигналдаад ухар гэж дохино гээч. Ийм хүнд чи ямар хуруугаа харуулах нь ойлгомжтой биз дээ.

За тэгээд, аминаасаа уйдсан явган зорчигч их шүү. Замыг явган зорчигчийн зам гэж эндүүрэгчид ч олон. Явган хүний зам гэж хуруу дарам, байгаа дээр нь өнөөх л зогсоолын ховроос машинууд зогсчихсон байдаг болохоор тэдний буруу гэж бас хэлж болохгүй ч юмaa? Цагаан зураасаар гарч байгаа хүмүүст зам таьж өгөх нь зөв ч манай замд ер нь хагарсан зураасаас өөр зураас тэмдэглэгээ бараг л байдаггүй. Анхааралтай л байх хэрэгтэй.

Хүүе, үг олдож үхэр холдлоо. Өгөх зөвлөгөө маань миний охины өвлийн өвөөгөөс хүсэх хүсэлтийн жагсаалтаас дутахааргүй урт болчсон ч өгөх зөвлөгөө минь дуусах яагаа ч гүй байдаг.

Эвдэрхий зам, аль нь асаад байгаа нь мэдэгдэхгүй гэрлэн дохио, солиорсон фургоны жолоочид, олддоггүй дулаан гараж гээд ярих зүйл их байгаа ч хамгийн оновчтой гэсэн ЗӨВЛӨГӨӨ бол дүү минь жолооч хөлсөлж чаддаг болсон үедээ л машин аваарай даа. Стресс багатай, урт удаан наслахад чинь хэрэг болно.
(2010.4.20)

ХАРИУ НЭХДЭГГҮЙ ХАЙР (2010.03.08)


Эмэгтэйчүүдийн баяр, Ээжийн баяр. Хүүхдүүд ээждээ төрүүлсэнд нь талархах ёстойм гэнэ.
Шүүдрийн хэдэн живаа өчүүхэн дуслыг арай чамай цуглуулан ганц аяга цай чанаж ээждээ бариснаар Ээжийнхээ ганцхан удаа үүрээр өндийж хөхүүлсэн ачийг хариулдаг гэдэг. Пүүүү, кө мөн их ажил кө мөн өчүүхэн шагналаа.
Би ээж болохоосоо өмнө энэ хэлцийг үгчлэн ойлгож, хэзээ нэгэн цагт шүүдрийн дуслаар цай чанаж өх билүү, ээждээн гэж боддог байлаа.
Гэтэл өөрөө ээж болж байж, ээж хүн гэж ямар байдгийг өөрийн бие сэтгэлээр мэдэрч байж энэ үг ямар утгагүй болохыг ойлголоо.
Жирэмсэн боллоо гэдгээ мэдмэгц судас, судал бүхнээр минь нэг их дулаан, зөөлөн урсгал түргэн түргэн жирэлзэн урсаж зүрх, тархи, бүхий л биеээр минь дүүрсэн нь эхийн хайр гэдгийг анх мэдэрсэн минь тэр байж. Энэ үеээс хойш „Би“ гэдэг аминчхан үг, үгийн сангаас минь аажим аажмаар шахагдаж „Бид“ гэсэн бахархалтай ч юм шиг дээрэнгүй ч юм шиг үгэнд зайгаа тавьж өгсөн бөгөөд бүх л амьдрал минь „хүүхэд“ гэсэн тэр л нэг бяцхан хүмүүсийн төлөө эргэлдэх болсоон. Зүгээр л жирэмсэн байх үеээсээ жишээ татъя:
  • идэж уух : жирэмслэхээсээ өмнө хоол хүнсэндээ тэгтлээ их анхаарч байснаа ер санадаггүй ээ. Сэнгэнэсэн сайхан кофены үнэрийг аваад нөхрийнхөө аягыг даган хэлээ унжуулан нохой шиг шогшихоос ууж зүрх хүрдэггүй л байж билээ.
  • унтаж хэвтэх: 9 сартай жирэмсэн цүндийчээд дураараа тарвалзан, доошоо харж унтах гээд зүгээр л 1 төсөөлөөд үзээрэй
  • сонсдог хөгжим: Цүдгэр гэдсэн дээрээ чихэвч тавиад хүүхэддээ хөгжим сонсгож байгаа жирэмсэн хүүхний зургийг хараад ёстой тэнэгтдэг байшд гэж ширэв татан өнгөрч билээ. Гэтэл өөрөө тоож сонсдоггүй синфони гээчийг сонсож суухдаа чихэвч байсан бол хүүхэд минь илүү сайн сонсох байх даа гэж нууцхан боддог болсон доо.
  • Боддог бодол: эрэгтэй хүүхэд гарах болуу эмэгтэй хүүхэд гарах болуу, ямар нэр өхүү, аавыгаа дууриах болуу эмэгтэй бол миний нүдийг аваад ч дэмий дээ, хачин хар хүүхэд төрвөл яанаа.........
Тэгээд энэ бүхнийхээ төлөө би үрээсээ хариу нэхэх ёстой гэжүү?
Оюутан байхад хэрхэн төрсөнөө ярих эгч нарын яриаг сонсоод, бурхан минь хүүхэдтэй болдоггүй ч юм билүү гэж тэнэгхэн бодолд хөтлөгдөж нэг үзжээ. Үнэхээр төрөхийн өвдөлтийг давах өвдөлт гэж байдаг болуу? Гэвч.... Тэр их тамын өвдөлт, дөнгөж төрсөн хүүхдийн час хийсэн нялх уйлалттай зэрэгцэн секундын ч зөрүүгүйгээр хэдэн арван сарнай болон хувирч өвөр дээр чинь асгардаггүй гэжүү.

Хүүхэд минь хэчнээн уйлж, өвдөж, нойргүй хонуулж, нервийг минь барж байсан ч шүдгүй амаа ангалзуулан над руу инээхэд, тогтож ядан анхны алхамаа хийхэд, нүдээ гялялзуулан ямар нэг зүйлийг хичээнгүйлэн ярихад, тоглоомоо хаяаад өөдөөс минь хамаг хурдаараа гүйж хүзүүдэхэд, над руу хайр дүүрэн нойрмуу харцаар харахад, зүгээр л хацар дээр нь ганц үнэрлэхэд тэр их хэцүү, шаналгаатай байсан үеүүд хумхын тоос болж, ямар их аз жаргалтай хүн болохоо би мэдэрдэгээ.
Хүүхдүүд минь энэ ертөнц дээр зүгээр л оршин байгаа нь тэднийг төрүүлсэний минь ачийг хариулж байгаа нь тэр юм. Өөр ямар ч ач тус, шүүдрийн дусал энээ тэрээ надад хэрэггүй ээ.

Ерөнхийлөгчийн цувааны толгой болсон минь

Ээжтэй дэлгүүр орно гэж ярьчаад 2 охиноо суулгаад хөдөлвөө. Хаалгаар гарах гээд зүүн тийш харвал 1 том машин нэлээн хурдтай мөртлөө холхон ирж яваагаас өөр юм харагдсангүй. Урд нь ороод л баруун эргэлээ. Хойно Солонго юу ч юм хашгираад л, Мааяа 1 цоор авч гарсанаа ёнгинуулаад л, ёс юм шиг машины хөгжим хангинаад л явж байлаа даа. Соёмботой хөшөө өнгөрөөд толиндоо харсан чинь арын машин алга. Нэлээн хурдтай явсан яасын бол гэж секундын хагасын чинээхэн хугацаанд халит бодоод л цаашаа давхилаа. Хаана ч юм цагдаагийн машины дохио дуугарахыг нэг их тоосон ч гүй гүүрэн дээгүүр л ерөнхийлөгч юмуу хэн 1 том гар яваам болуу гэж бодосхийгээд л явсаар уулзвар хүрээд харвал 1 цагдаа модоо дээш өргөөд зогсож байна. Зогстол гэнэт л араас „Хөөш энэ Сорентотой хүүхэн шахаад зогсоодхооч“ гэж ихэд ууртайгаар „Цагаан хоолой“-гоор хангинах нь тэр. Толиндоо хартал миний яг ард цагдаагийн машин... Хурдхан баруун шахаад зогссон чинь пээ базарваань хар машинтай цуваа өнгөрдөг байна шүү. Нөгөө зогсож байсан цагдаа ч хүрээд ирлээ. Хөөрхий залууг чинь холбооныхоо хэрэгслээр загнаад л миний бичиг баримтыг аваад ир гэж байгаа нь надад тод сонсогдоно. Цагдаа хүүгийн царай их баргар байнаа. Би тэгээд бичиг баримтгүй юугаа хийж явахы, нэгэнт л уулзахаас хойш хамт явы л гэлээ. Цагдаа хүү муухай царайлайстай, цалингүй боллоо гээд л нэлээн ууртай явна.
Замын цагдаагийн ард тусгай хамгаалалтын албан дээр очвоо. Нэгэн хижээл насны нүдэнд дулаахан цагдаа \зэрэг дэвий нь даанч мэдэхгүйм даа\ эмэгтэйчүүдийг „мэдрэмж муутай“ машин барьдаг гэж ирээд л "Дохио дуугаргасан цуваа явж байхад хээв нэг урд гараад давхиад байдаг" гэж бүр цөхөрсөн байртай загнаж байнаа. Би одоо тийм л хол урд нь давхисым байх даа. Балай юм. Гу тэгээд миний л алдааг үнэнээр нь хэлж байгаа болохоор би ч үнэхээр анзааргагүй явсанаа хүлээн зөвшөөрч доошоо харан нусаа татаж суув.
„Энэ 2 охин их чанга дуу чимээ гаргаад, үнэхээр буруу юм боллоо“ гэхэд „Хүүхдэд битгий буруугаа чихээд бай. Наад 2 нялх юм чинь юугаа мэдэхэв дээ“ гэж яг аав шиг минь загнахад тэнэг юм хэлсэндээ бантаж улайсан нүүрээ хийх газаргүй тэвдэв. Дуугүй, загас шиг хүүхэд гэж хаа байхавд.
Ингээд л хууль гарган уншиж тархийг минь сайтар угаагаад, 2 жил хүртэл үнэмлэх хураах 10 мянга хүртэл төгрөгөөр торгох заалт уншсан ч ашгүй 10.000аар торгохоор шийдэв. Би ч түргэхэн мөнгий нь гаргаж өгөөд явахын түүс болсон билээ.
Дүгнэлт:
  1. Машины хөгжим тавихгүй байх. Сонсмоор байвал аяархан сонсох.
  2. Дуут дохио сонсов уу гэсэн хардалт төрмөгц арын толиндоо сайтар нягтлан харах
  3. Ерөнхийлөгч заавал Их тэнгэрийн аманд амьдардаг гэдэг бодлоо толгойноосоо үтэр түргэн авч хаях, Japan town-д бас амьдарч чаддым байна.
  4. Ерөнхийлөгч заавал 9-өөс ажилдаа явах ёсгүй ба 10 өнгөрөөж гэрээсээ гараад бодлогогүй мань мэтийн гаруудыг гэнэдүүлэн торгууль оноолгуулчаад тэрийгээ мэдэх ч гүй сүнгэнүүлээд өгдийм байна.
  5. Хүүхдэд чанга дуугаргах тоглоом, эд зүйлс бариулж машинд суулгамгүйм байна.
Сүүлчийн бөгөөд хамгийн чухал дүгнэлт:
БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦУВААГ ТОЛГОЙЛЖ ЧАДАХЫМ БАЙНА  :) 

27.07.2009 15:26

Ребята давайте жить дружно

Энийг бичихгүй бол хэл ам загатнаад ер зүгээр болох шинж алгаа.
Бүтэн сайн өдөр. 
“1 сайхан төмс шарагч авъя” гэж бүтэн жил яриснаа одоо биелүүлэхээр хамаг хүүхэд шуухадтайгаа их л хөл хөөрцөг болон гарч одвоо. 
Сонголт арвинтайг нь бодоод хорооллын Номин орсын. 6-7 ширхэг юм байнаа. Ямар 100 төгрөгөөр ганц модтой чихэр авч охиндоо өгөх гэж байгаа биш дээ тэ \Гү модтой чихэр байсан ч бас эргүүлж тойруулаад 1 харчдаг биз дээ нээрээ\ нөгөөдүүлийг чинь онгойлгож бариад л эргүүлж тойруулаад л үзэж харжийлаа. 
Ашгүй 1 худалдагч охин иржийнаа. Тэгсэн нөгөөх чинь бидний үзэж байсан нөгөө юмсын тагийг нь тас тас хийтэл бүгдий нь хаачаад явахнээ. 
- Хүүе миний дүү. Энүүнд хэдэн литр тос орох бол? 
- 2 байхаа гэснээ дахин юм асуучих вий гэсэн аястай яаран цааш гүйх шахам явчды. 
Тэгсэнээ цаанаа байгаа 1 охинд их л дургүйцсэн өнгөөр хэлжийнаа. 
- Хамаг юмны таг онгойлгоод хаячихы.
Уур хүрчийнаа. 
Гаднаас нь хараад л энийг авъя гэх байсым байх даа. Би ямар далдыг харагч юмуу тэ? Тэр одоо худалдагч болохоос ямар манаач юм уу тэ? 
Цаана байсан хэдэн аяга хагалчих санаатай зогсож байгаа Солонгыг арай гэж тэр аюултай бөгөөд хагалчвал нэлээн үнэтэй тусах тоглоомоос нь салгаад эргэсэн чинь нөгөө худалдагч охин миний нөхрийн дэргэд ихэд сайхан аашийг гаргаад зогсжийнаа. За тэгээд манай нөхөртэй яаж ийгээд ойлголцсон бололтой бидэнд таалагдсан 1 –ийн үнийг бичээд “Кассанд мөнгөө төлчих” гэжийн. 
Кассан дээр нь очив. 
- Энд цахилгаан бараа бичихгүй дээшээ гар. 
Шууд дээр бичнэ гээд намайг дээшээ явуулахгүй тэр муу худалдагч. Тэр ерөөсөө ч худалдагч биш байхаа. 
Дээшээ гараад “Касс” гэсэн зүг рүү явтал амьд хүн байх шинж алгаа. Ийш тийшээ хартал 1 охин тонгойгоод нүүрээ тольдоод зогсжийн. 
- Хүүе сайнуу, би юм бичүүлмээр байна.
Миний хийж байгаа маш их чухал ажлыг хэн ийм аймшиггүйгээр тасалдуулж байнаа гэсэн харцаар намайг тас ширвээд: “Касс байхгүй л байшд” 
Би ямар нүдгүй юмуу тэ? 
- Үгүй байхгүй гэж чи дуудаад өгөөч
- Цайндаа орсым байлгүй би яаж мэдхий. Цаашаа харан нүүрээ тольдов. 
Тэр одоо худалдагч болохоос гүнж юмуу тэ? 
11 ч болоогүй байхад цайндаа явчдаг яачихсан ч өлсгөлөн кассчинтай юм тэ?
Шал дургүй хүрээд, доошоо тачигнатал буугаад нөгөө бичгий нь худалдагч руу нь дөхүүлсхийгээд чулуудчаад, гайхсан нөхөр, 2 охиноо хамж аваад, ув улаан нүүртэй хүн Номингоос гарав.
Дэндүү юмаа. Ийм том дэлгүүр байж хэдэн тэнэг худалдагч охиддоо үйлчлүүлэгчтэй харьцах хичээл заачидгүй л юм байх даа. Тэгсэн бол 145 мянгын орлоготой, үйлчлүүлэгч би ч сайхан эхэлсэн өдрөө нервтэж өнгөрөөхгүй л байсан даа.



 

Тог тасрав \02.09.2008 орой\

Тог гэнэт тасрав. 
Ширээ тойрон хоолож суусан бид бүгд цочин уулга алдацгаав. 
Солонго сандарсандаа аавынхаа гарнаас зууран авч "Хоо хоо" хэмээн ихэд гайхсан өнгөөр дуугарна. 
Мааяа харанхуйд илүү сайн харчих санаатай 2 бүлтгэр нүдээ улам бүлтийлгэн над руу ширтэнэ. \Хөөрхөн шүү миний охид.\ 
Хоол идэхийн өмнө Мааяагийн шавдуулан байж асаалгасан 2 лаа аминд орж, тас харанхуйд нүдээ анивчин суух аюулаас биднийг аврав. Удалгүй бүгд харанхуйд дасаад лааны бүдэгхэн гэрэлд инээлдэн хооллох нь нэг их сайхан ч юм шиг санагдаад ирэв. Хэн ч тог тасарлаа гэж гомдоллосонгүйгээс харахад бүх хүнд энэ гэнэтийн өөрчлөлт таатай санагдаж байгаа нь илт.
Солонго Мааяа 2 яаран босч нэг нэг гар чийдэн асаан хана таазан дээр тусах гэрлийг нь харан баясаж инээлдэн гүйлдэж эхлэв. 
Нөхөр бид 2 сүүмийсэн гэрэлний 2 талд суун энэхэн тэрхэнийг ярилцан суухад үнээр таатай. 
Гэнэт "дингил дингил дингэл дин". Надад мээссэж ирлээ. Ах маань дөнгөж сая охинтой болоод гэр лүүгээ буцаж байна гэнэ. Тог тасрахад ийм сайхан байсныг би ер санахгүй юм. 
Бүх зүйл үнэхээр сайхан байна. 
Үгүй гэжүү?

Блогтой болвоо

Би хааяа бодсон санасан, харсан үзсэнээ бичмээр санагддын. Тэгээд Хай 5 гээч юм ид моодонд орж байхад журнал дээрээ хэдэн юм сараачмар аядсан нь зарим найз нарт маань таалагдсан гээд л ихэд хөөрөгдсөн гэжугаа. Би ч яахав хүн л юм чинь магтаалд дуртай байгаамаа. :)
Заа тэгсэн зарим нь бөөр блог нээгээч, өөр хүмүүс ч гэсэн уншиг л даа гэжийнаа. Би блог сайн мэдэхгүй болохоор тэгэсхийгээд дуугайхан өнгөрөөчих санайтай хэсэг явсан чинь 1 найз маань бүр ийм сайт их дажгүйшдээ гэж зааж өгөхөөр нь ороод явцан шүү.
Санал бодлоо саадгүй бичээл байгаарай даа.